Монголчууд эрт дээр үеэс эмийг эрдэнэ мэт шүтэж дээдлэн, эм уух ёс
жаягийг буй болгон хатуу мөрдөн ирсэн эртний уламжлал сайхан заншилтай
ард түмэн юм.
Юуны өмнө эмийг аль дуртай таарсан өдрөө эхлэж уудаггүй. Эмээ ууж эхлэх
өдрөө сайн өдөр товлодог. Хонь өдөр эхэлж эм уухыг цээрлэж хор болдог
гэж үздэг. Харин туулай, тахиа, луу өдөр мөн хур бороо, цас шороогүй
тунгалаг өдөр эм эхэлж уухыг эрхэмлэдэг. Түүнээс гадна хүн бүрийн төрсөн
жилээс хамаарч эм эхэлж уух өдрийг товлодог нь хүмүүсийн био хэмнэлтэй
холбоотой буй заа.
Гэхдээ хүнд өвчтэй яаралтай эм уух шаардлагатай бол энэ заншлыг мөрдөхгүй байж болдог.
Мөн эм уухдаа эм тангаа хоёр гартаа барьж хүндэтгэн “уух эм тан маань
рашаан болох болтугай, арьс махны минь завсраар гүйж альби муу өвчнийг
арилгаж эдгээх болтугай” гэх мэт эмч оточ, эм тангаа шүтэн дээдэлсэн
ерөөлийн үгс хэлж эсвэл оточийн зааж өгсөн тарнийг уншиж гурвантай
залбирдаг уламжлалтай байжээ. Энэ нь эмч оточдоо болон эмэнд итгэх
сэтгэлийн эрч хүчийг нэмэгдүүлэн эмийн хүчийг нэмж байгаа үйлдэл юм. Мөн
уусан эмнийхээ боодлын цаас, тангийн буцалгасан шаар зэргийг хог мэт
хамаа бусаар хаяхгүй уул, ус тэнгэрт цацаж өргөдөг эсвэл шатаадаг
байжээ.
Эмийг хос тунгаар уухыг цээрлэдэг байсан нь эмийн тунг хатуу
баримталдаг, эмүүдийн хоорондын харилцан хамаарлаас болгоомжилдог байсны
нотолгоо юм.
No comments:
Post a Comment